Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо сүүлийн 10 жил тогтвортой өсөж байгаад сүүлийн 5 жилд онцгой их хурдацтайгаар өсөн нэмэгдсэн болохыг 3 дугаар зургаас харж болно.
Монгол Улсад бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн тоо
Автомашинд суудлын автомашин, ачааны автомашин, автобус /нийтийн тээврийн хэрэгсэл/, тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл хамаарах ба тэдгээрийн нийт тоог 1-р хавсралтаас харж болно. Өнөөдрийн байдлаар насанд хүрсэн 3 хүн тутамд нэг автомашин оногдох болжээ.
2021 оны тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллээс харахад Монгол Улсад нийт 1234701 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 662644 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна. Нийт тээврийн хэрэгслийн 63 хувь буюу 775171 нь суудлын автомашин эзэлж байна. Ачааны автомашин 225539, автобус 34073, тусгай зориулалтын автомашин 16184, зүтгүүр 38313, механизм 16527, чиргүүл 52997, мотоцикл 71677, цистерн 4220 тус тус бүртгэгдсэн байна.
Бүртгэлтэй тээврийн хэрэгсэл төрлөөр
Монгол Улсад нийт тээврийн хэрэгслийн 88.5% буюу 1093500 автомашин байгаа ба үүнээс зүүн гар талдаа жолооны хүрдтэй буюу замын баруун талаар явахад зориулагдсан 463.965 (42%) баруун гар талдаа жолооны хүрдтэй буюу замын зүүн гар талаар явахад зориулагдсан 629.535 (58%) тээврийн хэрэгсэл тус тус бүртгэгдсэн байна.
Улаанбаатар хотын хэмжээнд баруун гар талдаа жолооны хүрдтэй 400.992 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн ба энэ нь нийт Улаанбаатарт бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 65.5% эзлэж байна.
Бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн 47172 буюу 4% нь 0-3 жил, 40671 буюу 3% нь 4-6 жил, 143657 буюу 12% нь 7-9 жил, 1003201 буюу 81% нь 10 болон түүнээс олон жил тус тус ашиглагдаж байна. 2021 онд бүртгэлтэй байгаа 10 болон түүнээс олон жил ашиглагдсан тээврийн хэрэгслийн тоо өмнөх оныхоос 4%-иар өссөн мэдээ байна.
Авто тээврийн хэрэгслийн насжилт
Монгол улсад сүүлийн жилд нийт 99345 тээврийн хэрэгсэл импортоор орж ирсэн бол 22919 тээврийн хэрэгсэл ашиглалтаас хасагдсан байна.
Бүртгэлтэй тээврийн хэрэгсэл төрлөөр
Сүүлийн 4 жилд импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн тоо оноор
Тоон үзүүлэлтээс харахад жил бүр шинээр бүртгэгдэж байгаа тээврийн хэрэгсэл нь бүртгэлээс хасагдсанаасаа 4 дахин их байна.
Ашиглагдаж байгаа автомашины 74.9% нь Япон улсад үйлдвэрлэгдсэн, 20.8% нь Солонгос, 1.0% нь Герман, 0.5% нь Америк, 0.4% нь Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн автомашин эзэлсэн байхад бусад улс оронд үйлдвэрлэгдсэн автомашин 3.4 хувийг эзэлсэн байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Монгол Улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна” гэж заасан.
Монгол Улсад ашиглагдах автотээврийн хэрэгсэл, авто зам, замын байгууламжуудын инженерийн шийдэл, замын хөдөлгөөний аюулгүй байдлын үзүүлэлтийн тооцоог болон замын хөдөлгөөн зохион байгуулалтын болон тээврийн хэрэгслийн ашиглалттай холбоотой хууль, дүрэм, журам, стандартуудыг боловсруулахдаа зүүн талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн үзүүлэлтээр тооцож боловсруулагдсан байдаг.
Дэлхийн улс орнуудад замын хөдөлгөөнийг зорчих хэсгийн баруун эсхүл зүүн гар талаар явуулах эсэхээ дотоодын хууль тогтоомжоороо тогтоон түүндээ нийцүүлэн автомашины жолооны хүрдний байрлалыг хуульчлан тодорхой зааж өгсөн байдаг.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад замын үзэгдэлт чухал үүрэгтэй бөгөөд манай орны хувьд баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслээр гүйцэж түрүүлэх, тойрон гарах үйлдэл хийхэд хүндрэл учрах, харах талбайг 20-70 градусаар багасгахаас гадна баруун гар тийш эргэх үед жолооч талын баганад явган зорчигч харагдахгүй байх нөхцлийг үүсгэдэг. Мөн зам тээврийн ослын дараах хор уршигийг нэмэгдүүлэх идэвхигүй аюултай байдлыг бий болгодог гэдгийг тогтоосон байна.